The Universal House of Justice
Ridván 2005
To the Bahá’ís of the World
Dearly loved Friends,
Бүрэлдэн тогтох эриний тавдугаар үеийн эхэн үеэс Бахайн ертөнцөд гарсан ололт амжилтууд нь бидэнд цаглашгүй их баяр хөөр авч ирлээ. Өнгөрөгч арван хоёр сар ч мөн ер бусын амжилт бүтээлээр арвин байлаа. Бахайн нийгэмлэг системтэйгээр хөгжин дэвшсээр Таван Жилийн Төлөвлөгөөний сүүлчийн нэг жил үлдээд байгаа энэ мөчид хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг хөхүүлэн дэмжиж ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж буй анд нөхдийн цуцалтгүй хүчин чармайлт бөгөөд нарийн төлөвлөсөн үйл ажиллагааны үрээр гайхамшигтай хүчин чадал бүрдсэн байр сууринд хүрсэн байна.
Эдүгээ явагдаж буй бүхий л хөгжил дэвшлийн үйл явцыг зүй ёсоор бүрэн дүүрэн тодорхойлон илэрхийлэх нь хэдий боломжгүй авч статистик мэдээг харвал гарсан амжилтын хэр хэмжээ, далайцыг ойлгож болох юм. Шүтлэгийн хүний нөөц аажмаар нэмэгдэн үржиж улмаар Рухи Институтын нэгдүгээр дэвтрийг дүүргэгчдийн тоо дэлхий даяар 200 мянгаас хальж, тэдний хэдэн мянга нь сургалтын дугуйланг үр дүнтэй явуулах сургагчийн хэмжээнд хүрч цаашид тооны хувьд тогтмол өсч улмаар гариг дэлхийн хэмжээнд сүүлчийн тооллогоор 10 мянгад хүрсэн байсан билээ. Цөм үйл ажиллагаанд татагдан орох эрэлчдийн тоо ямагт өсч хэдэн сарын өмнө тэдний тоо 100 мянгаас хол давсан байсан юм. Үүний зэрэгцээ 150 гаруй хэсэг нутаг буюу кластер өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийг нэгэнт эхлүүлсэн эсвэл эхлүүлэхэд бэлэн болсон байв. Ийм хэсэг нутгуудын тоо Төлөвлөгөөний төгсгөл гэхэд үлэмж ихээр өссөн байх нь тодорхой байна.
Ийнхүү эдгээр ололт амжилтаа тэмдэглэн байхдаа бид тэдгээрт хүрэхэд түлхэц болсон суралцахуйн үйл явцад гарсан дэвшлийг мөн онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Дадлагын ажилд зохих ёсны анхаарал хандуулсан институтын эрчимтэй аянт ажлууд хэсэг нутаг буюу кластерын төвшинд өсөлтийг өдөөгч хөдөлгүүр болсон хэвээр байна. Нөхцөл тохироо тийнхүү бүрдсэн тохиолдолд Шүтлэгийн өргөжүүлэлт ба бэхжүүлэлтийг хангахад чиглэгдсэн системтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн мөн чанарын талаар үнэт мэдлэг туршлагын сан хуримтлагдаж байгаа бөгөөд эдүгээ уг хөтөлбөрийн зарим онцлог шинжүүд нь нэлээд ойлгомжтой тодорхой болж ирээд байна. Эдгээр хөтөлбөрүүд нь төлөвлөлт, өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тус бүр нь хэдэн сарын хугацаатай цуврал мөчлөгүүдээс бүрддэг ажээ. Өсөлтийн нэг мөчлөгөөс нөгөөд шилжихэд хүний нөөцийн хөгжлийг тасалдуулахгүй байж өргөжүүлэлтийн үйл явцыг тогтворжуулаад зогсохгүй эрч хурдацыг ямагт хуримтлуулан нэмэгдүүлж байх ёстой юм. Хэдийгээр цаашид бидэнд суралцах зүйл их байх нь эргэлзээгүй боловч нэгэнт хуримтлуулсан туршлагыг харгалзан энэхүү арга барилыг дэлхий дахинаа улам улам олон хэсэг нутгуудад давтан хэрэгжүүлэх боломжтой болоод байна.
Бидний эдүгээ олсон ялалт амжилт тооны хувьд ч, чанарын хувьд ч арвин байгаа нь үнэхээр сэтгэл долгдуулам байна. Эдгээр ололт амжилтын гол үндэс нь Бахайн нийгэмлэгүүдийн маань оюун санааны амьдрал ямагт бадран хөгжиж байгаад оршиж байна. Уг оюун санааны шинэ эрч хүчний нөлөөнд мөргөлийн цуглаан, хүүхдийн хичээл болон сургалтын дугуйланд хамрагдаж буй янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн тоо байнга өсч байгаа бөгөөд олон тохиолдолд тэд Бахауллаг энэ эрин цаг үеийн Бурханы Тодруулагч хэмээн хүлээн зөвшөөрч, итгэл бишрэлээ зарлан тунхаглахад хүрч байна.
Дэлхийн Төвд ч мөн адил шинэ өөрчлөлт хөгжил гарсан юм. Бид дэлхий дахинд Хукукуллагийн Итгэмжлэгдсэн даамлуудын үндэсний болон бүсийн зөвлөлүүдийн ажлыг удирдан чиглүүлж байх Хукукуллагийн Итгэмжлэгдсэн даамлуудын Олон улсын Зөвлөлийг байгуулах цаг нь болсон хэмээн шийдвэрлэсэн юм. Уг байгууллага нь өөрийн үүрэгт ажлаа явуулахдаа Тэргүүн Итгэмжлэгдсэн даамал, Бурханы Хэргийн Мутар Др. Али Мухаммад Варгатай ойр дотно хамтран ажиллаж, мөн түүний арвин их мэдлэг туршлагаас суралцаж, удирдамжаас хүртэх юм. Итгэмжлэгдсэн даамлуудын Олон улсын Зөвлөлд Салли Фуу, Рамин Хадем, Грант Квалхейм нарын гурван гишүүнийг томилсон бөгөөд тэдний алба хаших хугацааг удахгүй тогтоох болно. Зөвлөлийн гишүүд Ариун Газарт шилжин суурьшихгүй, харин Дэлхийн Төв дэх Хукукуллагийн Албын үйлчилгээг ашиглах замаар өөрсдийн ажил үүргийг гүйцэтгэх юм.
Орон нутаг дахь өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн талбарт гарсан амжилт бүтээлээс авхуулан олон улсын хэмжээнд явагдаж буй институци байгууллагын хувьсал хөгжил хүртэл бүхий л төвшинд, бүхий л чиглэлээр Үйл хэрэг маань үнэхээр тод томруун хөгжил дэвшилд хүрч байна. Нийгэмлэгийн эв санааны нэгдэл өсөн нэмэгдэж байгаагийн илрэл өнөөдөр олон байхын хажуугаар харамсалтай нь нийгмийн доротойл улам гүнзгийрч байгаа нь улам илэрхий болоод байна. Итгэл найдвараа алдсан дэлхий ертөнцийн уналт доройтлын талаар энд тоочих шаардлагагүй билээ. Гэсэн хэдий ч чухамдаа ийм нөхцөл байдал нь Сургаалыг хүлээн авах хүн амын мэдрэмжийг нэмэгдүүлж, Сургаалыг түгээн дэлгэрүүлэх шинэ шинэ боломж бололцоог буй болгодог гэдгийг мартаж болохгүй юм.
Шүтлэгийн Бүрэлдэн тогтох Эриний эхний зууны төгсгөлийн жилүүдэд Бахайн нийгэмлэгийг хөгжүүлэх гариг дэлхийг хамарсан цуврал санаачилгуудын талаар бид 1999 оны 11 дүгээр сарын 26-ны захидалдаа танилцуулсан билээ. Төлөвлөгөө бүр нь хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг урагшлуулах тэргүүн зорилгыг биелүүлэхэд төвлөрнө хэмээн бид бичсэн юм. Энэхүү цуврал дахь эхний төлөвлөгөө болох одоогийн Таван Жилийн Төлөвлөгөө нь арван хоёр сар хүрэхгүй хугацааны дараа өндөрлөх бөгөөд тэр үед бид Бахауллагийн дагалдагч нарыг мөн л таван жилийн хугацаатай бас нэгэн төлөвлөгөөний гараа эхлүүлэхийг уриалах болно. Харин тэр хүртэл үлдсэн энэ хугацаанд анд нөхөд та нар Олон Улсын Сургалтын Төвөөс туйлын шургуу байдлаар дэлгэрүүлж буй системтэй эрдэм мэдлэгийг эрс шийдэмгий үйл ажиллагаанд шилжүүлэхэд бүхий л эрч хүчээ дайчлан ажиллахыг хүсч байна. Дараачийн Ризванаар хавьгүй илүү агуу зоримог үйлсийн үндэс суурийг тавихын төлөө Төлөвлөгөөний үлдсэн хугацаанд бидэнд олдож буй үнэлж баршгүй боломжийг нэг ч Бахай хүн алдаж болохгүй. Ариун Бунхануудад унших бидний бадрангуй мөргөл та бүхнийг байнга хүрээлэн ивээх болно.
- The Universal House of Justice